Бизнес бол Процесс

Enkhbat D
6 min readApr 27, 2019

--

Хэдэн жилийн өмнө найз маань надад гольфийн цохиур бэлэглэж, түүнийг дагаж талбайд гарсаар би гольф тоглодог болсон юм. Үнэндээ ямар нэгэн сургалтад явж, багшаар заалгалгүй, “хар” практикаар сурсан гэхэд болно.

Нэгэн зун манай талбай дээр гольфийн сайн дасгалжуулагч хүн ирэв. Тэр хүн манайхны тоглолтыг шинжиж, алдаа оноог хэлж өгч, зөвлөж байхтай таарав. Мэдээж хэрэг, хэдэн жил тоглочихсон хүн байна, бусдыг дууриаж өөрийн алдаа оноог сонирхон шинжүүллээ.

Дасгалжуулагч бид хоёр талбай дээр гарав. Дасгалжуулагч миний цохилтыг анхааралтай харж байлаа. Тэгээд хэсэг харсны дараа тэр надаас “Та гольфын курст хэр удаан хичээллэсэн бэ” гэж асуулаа. Ямар ч курст явж байгаагүйгээ би хэлэв. Тэр над руу харж инээснээ, за та үргэлжлүүлээд бай гэлээ. Би хэлснийх нь дагуу янз бүрийн хэмжээ зайнд, чадахаараа л хичээж бөмбөгөө цохив. Дасгалжуулагч “Та гольфийн арга техникийн талаар ямар ном уншсан бэ?” гэлээ. Би гольфийн арга техникийн талаар ямар ч ном олигтой уншиж судлаагүй учир түүнийгээ мөн хэлэв. Тэр мөн инээж за би ойлголоо гэв.

Миний зөвлөгөө авах цаг дуусч би түүнийг надад чухам юу хэлэх бол гэж хүлээж байлаа. Тэгэхэд тэр дасгалжуулагч надад их сургамжтай, өвөрмөц хариулт өгсөн юм.

Тэр надад би танд одоогоор ямар ч зөвлөгөө өгч чадахгүй юм байна гэлээ. Яагаад гэвэл, танд барьж аваад сайжруулах ямар ч арга техник байхгүй юм бна. Та байгалийн өгөгдлөөрөө л тоглоод явдаг хүн байна. Хэрэв гольф таны амралт бол та энэ өгөгдлөөрөө, энэ түвшиндээ найз нартайгаа тоглоод явахад бүрэн болох байх. Харин улам сайн тоглодог болъё гэвэл эхлээд та барьж аваад хөгжүүлж болох, өөрийн гэсэн ямар нэгэн арга техниктэй болох хэрэгтэй дээ гэж билээ.

Тэгээд үргэлжлүүлэн, би таны өгөгдлийг буюу ноён Энхбатыг хэрхэн сайжруулахыг хэлж мэдэхгүй. Тэр бол Будда багшийн ажил байх. Харин миний ажил бол таныг биш, харин таны арга техникийн талаар зөвлөгөө өгөх явдал. Гэтэл танд өөрийн гэсэн арга техник байхгүй учир та бид хоёрт ярилцах зүйл, тэр обьект маань байхгүй байна шүү дээ гэж билээ.

Үнэн хэрэгтээ, түүний үг миний байдлыг маш тодорхой дүгнэж хэлсэн зөвлөгөө байсан. Хэдийгээр тэр нь зөвхөн гольфийн арга техникийн тухай байсан боловч мөн чанартаа ямар ч ажил мэргэжил, бизнесийг хэрхэн хөгжүүлдэг тухай үг байсан билээ.

Дээрх жишээг тогооч Намсрайгийн тухай байдлаар үргэлжлүүлье л дээ. Үнэхээр хэн ч Намсрайг хувь хүний хувьд сайжруулж, улам сайхан хоол хийдэг Намсрай болгож чадахгүй. Түүнийг сайжруулах гэх нь магадгүй зөвхөн Будда багш, Ийсус, эсвэл зөнч Мухамедийн л ажил байх. Харин түүний ажлын арга техник, хоолны орц, найрлагыг сайжруулж болно. Гэтэл тогооч Намсрайд өөрийн тогтсон жор байдаггүй, харин тэр хоолоо “сэтгэлээрээ” буюу өөрийн өгөгдлөөрөө л хийдэг хүн байвал яах вэ? Тэгвэл түүнийг эхлээд өөрийн тогтсон жор, арга техниктэй болгох хэрэгтэй. Зөвхөн түүний дараа тэр жор, арга техникийг нь улам төгөлдөржүүлэх замаар түүнийг илүү сайн тогооч болгож болно.

Дээрх хоёр хүний түүх бол үндсэндээ ямар нэгэн ажил, сонирхлыг хэрхэн хөгжүүлдэг, эсвэл түүнийг яагаад хөгжүүлэх боломжгүй болдог тухай яриа юм. Дээр өгүүлснээр, би бол мэргэжлийн бус, өөрийн эзэмшсэн арга техникгүй, ердөө “сайн дурын уран сайханч” байдлаар гольф тоглодог хүн. Харамсалтай нь сайн дурын уран сайханч байх нь хөгжлийн зам биш. Яахав, энэ бол аргалах л зам юм. Харин би сайн тоглогч болохын тулд өөрийн хоббидоо мэргэжлийн хүний хандлагаар хандах хэрэгтэй. Зөвхөн мэргэжлийн болж байж буюу тодорхой арга техниктэй болж байж тасралтгүй сайжирч хөгжих боломжтой болно.

Мэргэжлийн гэж сайтар эзэмшсэн, тодорхой арга техникээр, тийм ч учир ажлыг ямар ч үед тогтсон стандарт түвшинд барьж хийж гүйцэтгэж чаддаг хүнийг хэлдэг. Харин мэргэжлийн бус буюу “сайн дурын уран сайханчид” бол ажлыг тодорхой арга техник, стандартгүйгээр, голдуу “сэтгэлээрээ”, “бор зүрхээрээ” хийдэг. Тэд ажлыг, олны хэлдгээр, “монголчилох” нь түгээмэл.

Мэргэжлийн байх эсэх тал дээр бизнес эрхлэх, гольф тоглох хоёр үндсэндээ адил.

Танай компани ажил, үйлчилгээ бүрээ тогтсон арга барил, техникийн дагуу хийдэг үү? Компаний тань ажил хэн нэгний, ямар нэг ажилтны чадвараас хэр их хамаардаг вэ? Нэг ажлыг өөр хүмүүс хийж гүйцэтгэсэн ч эцсийн үр дүн нь адил байж чаддаг уу?

Миний ажигласнаар, манай жижиг, дунд бизнесийнхэн ажил, үйлчилгээндээ тогтсон тодорхой арга техник, дотоод стандарт мөрдөж ажиллах нь их ховор. Бизнесийнхээ үйл ажиллагааг алхам алхмаар тодорхойлон бичиж, түүнийгээ өөрийн дотоод арга техник болгон хөгжүүлж, ажилтан бүртээ зааж сурган мөрдүүлдэг бизнес эрхлэгчид их цөөн.

Хэрэв танай компани ажил, үйлчилгээ нэг бүрээ тодорхойлон бичиж, ажилтнуудаа сургаж, журамлан мөрдүүлж эхлээгүй бол та бизнесээ процессжуулж, шинэ шатанд гаргах шаардлагатай болжээ гэсэн үг. Бизнесийг зөвхөн процессжуулж, түүнийгээ тасралтгүй төгөлдөршүүлэх замаар сайжруулан хөгжүүлдэг. Эс бөгөөс танай бизнес “сайн дурын уран сайханч” хэлбэртээ байсаар хөгжиж томрох боломжоо гээнэ.

Бизнесийн процесс

Тодорхой нэгэн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хийж гүйцэтгэхийн тулд хэрэгжүүлж буй нэг буюу хэсэг ажлыг бизнесийн процесс гэдэг. Процесс бүр тодорхой зорилготой, тогтсон дараалалтай, мөн тогтворжсон үр дүнтэй байдаг. Хэрэв ажил, үйлчилгээ дүрэмжсэн дараалалгүй, түүний улмаас үр дүн нь тогтворжоогүй бол процессжоогүй байна гэсэн үг.

Бизнесийн процессийг нарийн тодорхойлж бичсэн байх тутам ажилтанд хариуцсан ажил нь илүү ойлгомжтой болдог. Ажлын алхам бүрээр нь нарийвчлан тодорхойлох тутам ажилтнаас шаардах мэдлэг, чадварын түвшин харьцангуй намсдаг. Мөн уг ажилд шинэ хүнийг сургаж, дадлагажуулах зардал, хугацаа багасдаг.

Бизнесийн процессийг алхам алхмаар зураглан бичиж, жишээ нь, цаасан дээр буулгаж баримтжуулсныг бизнесийн процедур гэдэг. Бизнесийн процедур нь уг ажил, үйлчилгээг буюу процессыг хийж гүйцэтгэж буй хүмүүсийн үүрэг, хариуцлагыг зааглан тодорхойлж, мөн процессийн үе шат, алхам бүрт тавих шаардлага, зорилтыг тодорхойлсон байдаг.

Энд онцлоход, бизнесийн процессийг зөвхөн дүрэмжүүлэн бичиж, холбогдох ажилтнуудын байнгын хэрэглээ болгож байж процедур болдог. Түүнээс, ажлыг хэрхэн хийх тухай мэдлэг, жишээ нь, даргын толгойд байснаар процедур болдоггүй. Ажлыг сайн хийж гүйцэтгэдэг хэн нэгэн хүн байлаа ч, хэрэв тэр хүн ажлаас гарах юм уу эсвэл өөр ажил шилжихэд арга техник нь тэр хүнтэйгээ хамт явчихаж байвал бизнес процессжооргүй байна гэсэн үг.

Бизнесийг процессжуулснаар та бизнесээ тасралтгүй хөгжүүлж, сайжруулж явах боломжтой болно. Дээр өгүүлснээр, арга техникгүй гольфчин, жоргүй тогоочийн ажлыг сайжруулах боломжгүйтэй адил процессжоогүй бизнесийг төгөлдөршүүлэн явах боломжгүй. Процессжоогүй бизнест барьж аваад шууд сайжруулж болох зүйл байдаггүй. Процессжоогүй ажил бол үндсэндээ урлаг юм.

Бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл тааралддаг нэг эндүүрэл бол урамшуулал, шийтгэлийг хэтэрхий чухалчлах явдал. Эмоци бол богино настай зүйл. Сайндаа хэд хоног үргэлжилнэ, тэгээд бүх зүйлс аажмаар хуучин байдалдаа орно. Тиймд бизнесийг эмоциор, зөвхөн шагнал урамшуулал, шийтгэлээр сайжруулах боломжгүй. Сайн бизнесийг сайн арга техник, стандартаар төрүүлдэг. Товчоор, сайн систем, сайн процесс бүтээх замаар сайн бизнесийг байгуулдаг.

Бизнес эрхлэгч хүн бизнесээ процессжуулж, процедураа тасралтгүй туршин сайжруулах замаар ажил, үйлчилгээнийхээ онцлогийг улам нарийн олж хардаг. Ажил үйлчилгээ нэг бүрээ чухам ямар замаар өндөр үр дүнтэй, бага зардалтай хийхээ олж мэддэг. Ажлаа процессжуулж, процедураа хамтран боловсруулах явцад баг, хамт олон өөрсдийн үүрэг, хариуцлагын хил, хүрээг ойлголцож багийн ажлын үр дүн тогтворждог.

Хэрэв танай компаний ажил бүрэн процессжсон бол ажилтан халагдаж, солигдоход дараагийн хүн түүний ажлыг саатал, доголдолгүйгээр үргэлжлүүлэх явах байгууллагын чадвартай болдог. Шинэ ажилтныг ажлын процедурт чиглүүлэн сургах замаар богино хугацаанд ажилд нь дадлагажуулна.

Бизнесийн процессийн төрлүүд

Бизнесийн процессийг төрөлжүүлэн харах нь бизнесийг том зургаар харж ойлгоход тустай. Бизнесийн хэмжээ, салбарын онцлогоос хамаарч процессийг олон өөр төрөлд хуваан авч үзэж болох ч хамгийн ерөнхий байдлаар дараах байдлаар харж болно -

  • Анхдагч буюу үйлдвэрлэлийн процессууд. Үүнд үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэн явуулах, шинээр үнэ цэнэ бүтээх, хэрэглэгчдэд үйлчлэх процессууд хамаарна. Жишээ нь, үйлдвэрлэл, үйлчилгээний шугамын, хэрэглэгчийн дуудлагад хариу өгөх, хэрэглэгчдэд туслах гэх мэт процессууд орно.
  • Арын буюу туслах процессууд. Үүнд үндсэндээ байгууллагын дотоод буюу арын ажлын процессууд орно. Жишээ нь, нягтлах бодох, санхүүгийн, дотоод сургалтын, ажлын байрны аюулгүй байдлын гэх мэт. Туслах процессууд нь зах зээл, хэрэглэгчдэд шинэ үнэ цэнийг шууд хүргэдгүйгээрээ анхдагч буюу үндсэн процессуудаас ялгагдана.
  • Менежмэнтийн процессууд. Энэ бол бизнесийг өөрийг нь буюу бизнесийн систем, бусад процессуудыг зохицуулах, хэмжих, хянах, удирдан явуулах процессууд юм. Үүнд төсөв, төлөвлөлтийн болон бизнесийн дэд бүтцээ тордон хөгжүүлэх процессууд орно. Менежмэнтийн процессууд нь арын процессуудын нэгэн адил зах зээл, хэрэглэгчдэд шинэ үнэ цэнэ шууд хүргэдэггүй.

Удирдагч ба менежерийн ялгаа

Бизнесийн процессууд бол бизнесийн системийн хамгийн чухал, бүрэлдэхүүн хэсэг юм. Тиймд бизнесээ процессжуулж, бизнесийн процедураа удирдан боловсруулах нь бизнес эрхлэгч буюу удирдагч хүний гол үүрэг болно.

Удирдагч хүн системээ гаднаас нь харж удирддаг. Харин менежер хүн систем дотроо ажилладаг.

Бизнес эрхлэгч, удирдагч хүн системээ бүхлээр нь, томоор харж байгуулдаг. Өөрөөр хэлбэл бизнесийн процессаа тодорхойлж, процедураа боловсруулж, ажиллагсдаа сургаж, арга техник, стандартаа мөрдүүлж ажиллуулдаг. Харин менежер хүний үндсэн үүрэг бол бизнесийн систем, процессыг зохих ёсоор нь хянан ажиллуулах явдал байдаг.

Мэдээж хэрэг, бизнесийн олон цэгт удирдагч, менежер хүний ажил үүргүүд давхцана. Ялангуяа жижиг, дунд бизнест бизнесийн эзэн хүн өөрөө удирдагч, мөн өөрөө менежер байх нь түгээмэл. Гэсэн ч бизнесээ систем байдлаар харж, процессжуулж авч явах нь бизнесээ амжилтай хөгжүүлэх хамгийн гол арга замын нэг билээ.

--

--

Enkhbat D

System Engineer PhD, Mongolian Internet Pioneer, Entrepreneur, Speaker, Coach #Connectivity, #DigitalTransformation, #Spirituality, #Photography, #Travel