Бизнес бол Систем

Enkhbat D
3 min readMar 21, 2019

--

Уулзалт, лекцийн үед залуус шинэ бизнесээ хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө өгөөч гэж хүсдэг юм. Харин ярилцах явцад ажиглагддаг нэгэн нийтлэг зураг бол тэд ажил, бизнес хоёрын ялгааг олж хараагүй явдаг.

Ажил мэргэжилдээ л сайн бол хэн ч эхлүүлсэн бизнесээ, жишээ нь сайн жолооч авто баазаа, сайн тогооч ресторанаа ямар ч асуудалгүй аваад явчихаж чадна гэдэгт тэд итгэдэг. Тэгээд сайн программ зохиогч нэг нь өөрийн старт-ап компаниа, авьяаслаг маркетер нөгөө нь өөрийн агентлагаа гэх мэтээр байгуулан бизнесээ эхлүүлсэн байдаг.

Мэдээж, итгэл бол сайхан зүйл. Зөвхөн өөртөө итгэж, зориглосон хүн л бизнесээ байгуулж, авч явдаг нь гарцаагүй. Гэхдээ бизнес гэж чухам юу вэ гэдгийг зөв ойлгож, бизнесээ хэрхэн бүтээх, хөгжүүлэх талаар шургуу суралцаж мэдэлгүйгээр, бизнесээ зөвхөн өөрийн мэргэжлийн чадвар, итгэл зүтгэл, дан ганц уйгагүй хөдөлмөрөөрөө авч явна гэвэл цаашид тасралтгүй хөгжин явах сайн бизнестэй болох магадлал бага.

Бизнесээ эхлүүлж буй хүний ажилд олон саад бэрхшээл учрах ч өсөлт хөгжилд нь хамгийн их хор учруулдаг, түгээмэл тааралддаг алдаа бол шинэ бизнесээ өмнөх ажил, мэргэжлийнхээ томруулсан үргэлжлэл гэж бодох эндүүрэл юм. Ийм эндүүрэл олон жил, тэр бүү хэл насаараа бизнес эрхэлж буй хүмүүсийн дунд ч элбэг тааралдана.

Тэр хүмүүс ажлаа сайн хийсээр, манлайлан хийсээр, зогсолтгүй зүтгэсээр байвал бизнес нь гарцаагүй хөгжих болно гэдэгт итгэдэг. Гэтэл бизнес бол зөвхөн том ажлын байр биш билээ. Бизнес бол СИСТЕМ юм.

Том ажил бол ердөө л ажил. Харин систем бол биеэ даасан тогтолцоо. Сайн систем эзнээсээ хамааралгүй хөгжиж, томорч явдаг. Сайн ажилтай хүн ажлаа орхивол орлого багасдаг. Харин сайн системтэй хүн амарч байсан ч систем нь ажиллаж, орлого оруулж байдаг.

Тиймд системийг нарийн бодож, төлөвлөж, байгуулдаг. Хэрэв бизнес эрхлэгч хүн БИЗНЕСИЙН СИСТЕМЭЭ БАЙГУУЛАХ энэ шинэ үүргээ олж харахгүй бол бизнесээ амжилтай бүтээж, томруулан хөгжүүлэх арга замыг олж мэдэхгүй. Энгийнээр хэлбэл, зүгээр л өөрийн зохиосон том ажилтай хүн болно. Магадгүй сайн орлого олно. Гэхдээ ажлаа орхиж чадахгүй, амарч чадахгүй, эцэстээ ядарч бизнестээ барьцаалагдах нь элбэг.

Бизнес эрхлэгч хүний туйлын зорилго бол өөрийн компаний сольшгүй ажилтан нь болж явах гэх бус, харин түүний оролцоогүйгээр өөрөө ажиллаж, хөгжих, томрон хөгжиж явах чадвартай бизнесийн системээ байгуулах явдал юм.

Хэрэв бизнес эрхлэгч хүн энэ шинэ зорилгоо олж харахгүй, зүгээр л өмнө хийдэг байсан ажлаа компани болгож бүртгүүлээд манлайлан зүтгээд эхэлбэл, өөрөөр хэлбэл, авто баазын дарга өөрөө бүх ажлаа гардан удирдаад, рестораны эзэн гал тогооноосоо гарахгүй ажиллаад байвал хэдэн жил ингэж явсан ч бизнес нь түүний өөртөө зохиосон том ажлын байр хэвээр үлдэж, бие даасан систем болж хөгжихгүй. Бизнес нь эзнээсээ бүрэн хамааралтай явсаар, эзнийхээ тархи, чадварын хэмжээгээр хязгаарлагдаж, өсөж томролгүйгээр “өлгийдөө хөгширнө”.

Бизнес бол ажлын байр биш систем юм. Харин систем гэдэг бол бүтэц, процесс, төлөвлөлт, судалгаа … тэгээд мөн боловсон хүчний гэх мэт олон дэд системийн цогц юм. Бүтэн систем өөрөө ажиллаж, томорч, хөгжиж явдаг.

Бизнес эрхлэгч хүний туйлын зорилго нь хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ өндөр үнэ цэнэ бүтээж өгдөг, хариуд нь шагнал орлогоо хүртэж тасралтгүй хөгжиж, томорч явдаг бие даасан системийг байгуулах явдал байх ёстой. “Сайн компани байгуулчихаад загасандаа л явж байдаг үндсэн ажилтай болно” гэж нэгэн бизнес эрхлэгч өөрийн зорилгоо тодорхойлсон байдаг. Агуулга, чиглэл бол ердөө энэ.

Бизнесийн систем бол нэг цул баг болж ажиллах хүмүүс, тэдний стратеги, ажлын процесс, технологи билээ. Бизнес эрхлэгч хүн энэ бүхнийгээ бүтээж, тасралтгүй суралцаж, суралцсанаа алхам алхмаар уйгагүй хэрэгжүүлж байж амжилтад хүрнэ.

Тэгвэл яаж суралцах вэ? Хаанаас эхлэх вэ?

Түүний тулд ном сэтгүүл уншиж, сургалтад сууж, ментор, дасгалжуулагчтай болж, уулзалт, зөвлөгөөнд оролцож, бусдын туршлагыг судалж, ажиглаж явах хэрэгтэй болно. Бизнес бол багийн тоглолт учир ажилтнууд буюу боловсон хүчнээ тасралтгүй сургаж, хөгжүүлж байж л хамтдаа урагшилж явна. Харин бизнесээ бүтээж буй хүн багаасаа түрүүлж урагш харж, бодож явах том ажилтай болно гэсэн үг.

Агуу Хэнри Фордоос “Таны хамгийн чухал ажил юу вэ?” гэж асуухад “Бодох” гэж товчхон хариулсан гэдэг.

Үнэхээр, бизнес эрхлэгч хүний хамгийн чухал ажил бол бодох юм. Бизнесийнхээ маркетингийн, борлуулалтын, инноваци буюу тасралтгүй шинэчлэлийн, хүний нөөцийн системээ, тэдний цогцыг бодож, судалж, суралцаж, төлөвлөж алхам алхмаар байгуулах нь амжилтын үндэс.

Тэр бүгдийн үр дүнд таны бизнесийн систем таниас улам бүр бага хамааралтай болж, бие даан ажиллаж эхлэх цагт та илүү цаг завтай, өндөр орлоготой болж, бизнесээ зориглон байгуулж зүтгэсэн туйлын зорилгодоо хүрч, өөрийн хүссэн амьдралаараа амьдрах хаалга тань нээгдэнэ.

--

--

Enkhbat D
Enkhbat D

Written by Enkhbat D

System Engineer PhD, Mongolian Internet Pioneer, Entrepreneur, Speaker, Coach #Connectivity, #DigitalTransformation, #Spirituality, #Photography, #Travel