Дижитал Хархорум

Enkhbat D
5 min readJun 10, 2019

--

Өсөлт бүр хөгжил болдоггүй. Тэнцвэргүй, өрөөсгөл өсөлт хямрал, гажуудал болдгийг бид байгаль ертөнц (хорт хавдар), эдийн засаг, бизнес (Голланд өвчин), нийгмийн амьдралаасаа (баян ядуугийн ялгарал) олонтаа олж хардаг билээ.

Хөгжил бол мөн чанартаа төгөлдөршил юм. Аливаа системд илүү өндөр түвшний харилцаа холбоос бүрэлдэн тогтож, үйл ажиллагаа нь улам боловсронгуй болсноор амьдрах, зохицох, өрсөлдөх чадвар нь дээшилнэ.

Элементүүдийнх нь үүрэг функц, үйл ажиллагаа нарийсч, тэдгээрийн хоорондын холбоос улам цэгцрэн хурдасч, бүтээмж дээшилж, систем бүхлээрээ түвшин ахиж хөгжиж явдаг.

Системийн холбоосууд шат ахин хөгжсөнөөр элементүүд нь улам нарийн төрөлжиж, илүү боловсронгуй, бүтээмжтэй болж хөгжих шинэ орон зай үүсдэг. Үүний үр дүнд системийн төдийгүй элемент нэг бүрийн түвшин дээшилж, нийгмийн нэг гишүүн, хувь хүний тухайд ярьвал, амьдралын чанар, амжиргаа нь сайжирч явдаг. Үүнийг бид олон хүн Өмнөд Солонгос болон бусад хөгжингүй улс орнууд буюу илүү өндөр түвшний системийн орчинд гарч ажилласнаар бүтээмж, орлого нь шууд нэмэгддэг жишээнээс тод харж болно.

Монгол улс, үндэстэн Их Говь, Өргөн Сибирийн дунд “мартагдахаараа” уналтад орж, харин улс үндэстнүүдийн харилцаанд идэвхитэй орж, өөрийн түүхэн байр суурийг олж чадсан цагт хүчтэй хөгжиж ирсэн байдаг. Товчоор хэлбэл, бидний гадаад холбоосбидний хувь заяанд ямагт хамгийн чухал үүрэгтэй фактор байж ирсэн гэхэд болно.

Тэгвэл, бидний дотоод харилцаа холбоос өнөөдөр ямар түвшинд байгаа билээ? Үүнийг бидний ЭЗ, ахуй амьдралаа зохион байгуулж ирсэн ганц нэг жишээн дээр авч үзье.

Саахалт айл өрх бүр нэгэн адил мал сүрэг, тараг, сүүтэй, сур, тоногоо дор бүртээ өөрсдөө хийж амьдралаа залгуулан зуу зуун жил явж ирсэн билээ. Нэгэнт л яг адил бүтээгдэхүүнтэй учир солилцох, наймаалцах зүйлгүй, Цагаан сар, Наадмаар л уулзаж “холбогдоно”. Товчоор хэлбэл, Монголын тал нутагт холбоос маш сул хөгжсөн, төрөлжилт, бүтээмжийн дэвшил маш удаан. Энэ бол хөгжих бус харин хатуу ширүүн орчинд өөртөө найдаж л тэсч үлдэх, бидний хэлдгээр, “амиа аргацаах” ахуй, амьдралын загвар юм.

Мэдээж, ийм амьдрал нь байгаль, түүхийн бодит суурь шалтгаантай байсан. Хатуу ширүүн уур амьсгалтай нутагт, бие биенээсээ алс хол амьдрах цөөн тооны хүмүүсийн харилцаа, холбоосын зардал нь солилцож болох бүтээгдэхүүний өртгөөсөө өндөр, төрөлжиж бүтээмж нэмсний ашиг гарахгүй байсан гэхэд болно. Харин одоо цагт буюу дижитал ЭЗ-т эдгээр суурь сөрөг факторууд үндсэндээ нөлөөгүй болсон.

Өнөөгийн бидний цаг үе, нөхцөл байдал өмнөхөөс эрс өөр болсон. Гэсэн ч “амиа аргацааж” амьдрах сэтгэлгээ бидэнд маш хүчтэй хэвээр оршсоор байна. Жишээ нь, Тэрэлжид байгаа жуулчны олон арван компанийг авч үзье. Нэг хөндийн байрлах компаниуд яг л нөгөө саахалт айлуудтай адил. Бүгд нэг муухан хэдэн гэр, байшинтай, бүгд нэг муухан хоолтой, мөн бүгд нэг муухан тээвэр, маркетинг, менежмэнттэй… Ахуйгаа хөтлөх ийм загварт хангалттай холбоо, хэлхээ, төрөлжилт байхгүй, түүнийг дагаад хөрөнгө оруулалтын үр ашиг, бүтээмж сул. Нэг хөндийд байрлах ч нэг систем, кластер болоогүй учир бүгд хоорондоо доод түвшинд өрсөлдөж, хамтарч хөгжих бус харин хэн хамгийн сүүлд амьд үлдэх вэ гэсэн загвараар явна. Тиймд тус бүртээ хөгжих гэж хичээх ч, нийлбэр дүнгээрээ, Тэрэлжийн хөндийн дүр зураг улам гундуу болж аялал жуулчлалын бүс нутгийн онцлогоо хурдан гээсээр. Мөн ийм тархай бутархай орчинд орж ирсэн гадны компаниуд өндөр үнэ өртөгтэй бүрдэж эхэлж буй зах зээл, хэрэглэгчдийг нь булаан авч ноёрхлоо тогтооно. Энэ бол яах аргагүй системийн түвшний асуудал.

Монголын аялал жуулчлал бол хөгжлийн загвараа олоогүй яваа манай бизнесийн нэг л салбар юм. Ийм сэтгэлгээг бид бизнесийн ба бусад бараг бүх салбарт олж харж болно.

Бид “амиа аргацаах” хуучин сэтгэлгээ, эдийн засаг, ахуйгаа хөтлөх доод түвшний загвараа хадгалсаар байвал өндөр түвшинд холбогдон хэлхэлдэж, нарийсан төрөлжиж, улам өндөр бүтээмж, өрсөлдөх чадвартай болж, улам даяаршин хөгжиж буй бусад улс орны системүүдтэй хамтарч, эн тэнцүү наймаалцаж, өрсөлдөн явах түвшинд хүрч чадахгүй.

Өнөөдөр дэлхий даяар Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын тухай их ярьж, бичиж байна. Улс орнууд хөгжлийн хараагаа энэ шинэ давалгаатай шууд холбож, бодлого, стратегиа томьёолон хэрэгжүүлж байна. Ирж буй энэ давалгаа бол бүхнийг холбож, автоматжуулж, ухаалаг болж буй үйлдвэрлэл, түүнийг дагасан боловсрол, нийгмийн соёл, харилцаа, хүний хөгжлийн эриний өнгө юм. Харин бид энэ цаг үед өөрийн улс орны хөгжлийн үзэл санаа, алсын харааг шинэ эриний түүхэн шинэ боломжууд, сэтгэлгээний хандлагын түвшинд хэрхэн томьёолох вэ?

Миний бодлоор, бид үндэсний түвшинд -

  • Бүгд холбогдон нягтарч,
  • Хэлхэлдэж (дараачийн түвшний системийг хамтран байгуулж),
  • Төрөлжиж,
  • Бүтээмж,
  • Өрсөлдөх чадвараа хурдтай нэмж,

улс орнуудын түвшинд -

  • Нэмүү өртөг бүтээх бүс нутаг, даяар холбоонд идэвхитэй оролцож
  • “төгөлдөршин дээшлэх” замаар хөгжих үзэл баримтлалыг хөгжүүлэх нь зүйтэй.

Энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга хэлбэр нь “дижитал холбоосыг түрүүлэн, эрчтэй хөгжүүлэх” буюу Дижитал хөгжлийн загвар байна.

Хүн төрөлхтний хөгжлийн түүхээс харахад, чухам ямар улс, үндэстэн дэлхийн улс төр, санхүү, худалдаа наймаа, мэдлэг, соёлын их урсгалын уулзварт байна, тухайн тэр цаг үедээ дэлхийн соёл иргэншлийн төв цэг, манлайлагч болж ирсэн байдаг. Мөн соёл иргэншлийн шинэ урсгал бүрт чухам ямар улс үндэстнүүд багтаж чадсан, тэдгээр нь хурдтай өсөж, хөгжиж ирсэн байдаг. Харин өнөө цагийн чухал онцлог бол газар нутаг, орон зайн фактор нөлөөтэй хэвээр ч улс орны хөгжлийн шийдвэрлэх фактор нэгэнтээ биш болсон явдал юм.

Холбоос, урсгалын түүхэн үүргийг бид, “Бүх зам Ром ордог” гэсэн 2000 жилийн өмнөх үг, Торгоны зам, өнөөгийн Уолд Стрийт гэх мэт үг, хэлцүүдээс харж болно.

Монгол улс, үндэстний дэлхийд эзлэх байр суурь, үүрэг оролцооны ноён оргил нь “Торгоны замын жижиг боловч хамгийн чухал цэг” болсон Хархорум хот байсан юм. Хархорум нь эрин цаг үедээ дэлхийн даяаршлийн нийслэл, цэрэг, улс төр, аюулгүй байдал, улс орнуудын харилцаа, мөнгө, татвар, шуудан харилцааны хамгийн чухал цэг байсан билээ. Тийм учир, Хархорум бол чухамдаа монголчууд бидний дэлхийн ЭЗ, худалдаа, наймаанд маш чухал үүрэгтэйгээр оролцож байсны билэг тэмдэг, түүхэнд үлдээсэн “брэнд” юм.

Өнөөдөр бол дижитал хөгжил, дижитал ЭЗ, дижитал зах зээл, дижитал соёлын шинэ эрин. Энэ эрин бидэнд хөгжил цэцэглэлтийн цоо шинэ том боломжийг авчирч байна.

Дижитал эрин зуу, зуун жилээр Монгол үндэстний хөгжлийг сааруулж ирсэн газар нутгийн алслагдмал байдал, цөөн хүн ам, хүйтэн сэрүүн, үржил шим багатай гэх байгаль орчны “сөрөг” факторуудын нөлөөг эрс багасгалаа.

Өнөө цагт холбоос, өгөгдөл нь бүхий л бизнесийн үндсэн капитал болж, өрсөлдөх чадвар нь ЭЗ, бизнесийн том, жижгээс бус, харин хурд, бүтээгдэхүүнийх нь юуны багтаамжаас хамаардаг боллоо.

Дижитал ЭЗ, зах зээлийн орчинд харилцагч, хамтрагчид нэг өрөөнд хамт сууж байна уу, нэг хот, улсад ажиллаж байна уу ялгаагүй болж, “хавтгай дэлхийн” хүн, ямар ч жижиг компани бусадтай шууд, зуучлагчгүй, маш хямд зардлаар харьцах боломжтой боллоо.

Дижитал эринд бид өөрсдийн амьдрал, улс нийгмийн хөгжил, аж ахуй, ЭЗ-аа хөтлөх арга замаа хуучнаараа хараад, сэтгээд явж болохгүй. Шинэ эрин бидэнд шинэ өндөрлөг, шинэ өнцгөөс бүхнээ эргэн харж, хөгжлийн шинэ загвараа хайж олох боломж нээж байна.

Дээрх бүхнээс дүгнэн хэлбэл, хэрэв өнөөгийн Дэлхий тэр аяараа Дижитал Торгоны зам болж хувирч байгаа бол бид мөн тэнд Дижитал Хархорин болж оролцоё. Бид дотооддоо эрчтэй холбогдон хэлхэлдэж, шинэ түвшний харилцаагаа зохион байгуулж, гүнзгий төрөлжиж, бүтээмжээ нэмж, нэмүү өртөг бүтээх бүс нутгийн болон даяар гинжин холбоонд өөрийн байр сууриа олж хөгжих Дижитал хөгжлийн замыг сонгоё.

Нийгэм, ЭЗ, бизнесийн холбоос, институцүүдээ шинэ эриний сэтгэлгээгээр эмхлэн зохион байгуулж, бүтээж, бүх төрлийн “зөөлөн дэд бүтцээ” түрүүлэн хөгжүүлэх нь Монголын төрийн тэргүүлэх зорилт байх ёстой. Чухам дижитал эриний сэтгэлгээ, технологи, соёл Монгол улсыг дэлхийн тавцанд дахин гаргаж чадна.

Монголын 100 мянган компаниуд Дижитал Хархорины виртуал “гудамж, байшин” бүрийг барихад оролцож, төрөлжин хэлхэлдэж, ЭЗ-ийн кластерууд болж хөгжих өргөн боломж байна.

Дижитал Хархорин бол монгол хүн бүрийн мэддэг, тийм учир хүн бүрийн харааг нэг зүгт чиглүүлж чадах, мөн дэлхий даяар танигдсан брэнд нэр, манай хөгжлийн төсөөлөл зураг байж чадна.

Дэлхийн улс орнууд “Цахиурын хөндий”, “Кибер хот” зэргээр хөгжлийн тэргүүлэх чиглэл, үзэл баримтлалаа товч тодорхой, бүгдэд тод харагдахуйцаар томьёолж, бүх бизнес, үндэстнээ дайчиж байна. Харин бид “Дижитал Хорхорин”-оо байгуулахад компани, бизнес бүрийг оролцуулж, дотоодын дижитал зах зээлээ байгуулж, гадаад зах зээлд хамтын хүчээр дэвшин гарах нь өнөө цагийн бидний хэрэгжүүлэх түүхэн зорилт байх юм.

Энэ нийтлэл бол Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулсан “Монголын хөгжлийн философи” хэлэлцүүлэгт тавьсан миний илтгэл болно (2019.5.3).

--

--

Enkhbat D
Enkhbat D

Written by Enkhbat D

System Engineer PhD, Mongolian Internet Pioneer, Entrepreneur, Speaker, Coach #Connectivity, #DigitalTransformation, #Spirituality, #Photography, #Travel