Энтрепренерийн тухай хэдэн бодол

Enkhbat D
2 min readAug 26, 2019

--

Эргэн тойронд мянга мянган асуудал, хэрэгцээ байна. Нэгийг нь барьж аваад зүтгэвэл та Энтрепренер болно. Хэцүү, гэхдээ сайхан зам. Алхам алхмаар, системтэйгээр явж чадвал амьдрал, санхүүгийн том амжилтад хүрэх бүрэн боломжтой. Энэ замаар явах нь Монголд бусад газраас илүү хүнд биш. Харин бид суралцах л хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол бидний хувьд шинэ зам.

Энтрепренер хүн асуудал, хэрэгцээг Боломж гэж хардаг. Асуудал, байнгын хэрэгцээ байгаа бол тэнд бизнес байна гэсэн үг. Харин танд түүнийг шийдэх хүсэл, тэгээд чадвар, цаг хугацаа бий юу? Хэрэв та бусдын асуудал, хэрэгцээг шийдээд ӨГВӨЛ тэд таньд баяртайгаар төлбөрөө хийнэ. Бизнес бол ӨГӨХИЙН ухаан юм.

Энтрепренер байхын тулд асуудалд Системийн сэтгэлгээгээр хандаж сурах хэрэгтэй. Асуудал, хэрэгцээг шийдэх өөрийн Системийг байгуулах дадал зуршил, арга барилтай болох хэрэгтэй. Түүнээс, нэг ажил олж хийх, амжиргаагаа залгуулах зорилт тавьбал сэтгэлгээний алдаа болно. Бизнесийг та биш, харин таны бүтээсэн систем хийдэг.

Заавал өөрийн мөнгөтэй байж энтрепренер болдоггүй. Мөнгө олох нь өөрөө таны шинэ төслийн эхний алхам байж болно. Асуудлаа зөв харж, шийдлээ цэгцтэй томьёолбол таны санаа бусдад ойлгомжтой, үнэмшилтэй, сонирхолтой болно. Тэгвэл та санаагаа боломжит санхүүжүүлэгч, хамтрагчид “зарж” чадна. Энэ бол бизнесийг эхлүүлэх түгээмэл арга зам юм.

Бизнес эрхлэгч байх, энтрепренер байх нь нэг ойлголт биш. Яагаад гэвэл хүн бусдаас цалин авч бизнес эрхэлж болно. Бизнесийн удирдагч, компаний захирал ч байж болно. Гэхдээ тэр хүн өөрөө санаачлага гаргаж, бизнесээ байгуулж, бүх эрсдлийг өөрөө үүрч яваа биш бол тэр хүн Энтрепренер биш, харин бизнес эрхлэгч хүн юм.

Бусдын хэргийг бүтээж өг, тэгвэл таны хэрэг бүтнэ гэдэг. Гэхдээ өнөө цагт энэ чухал дүрмийг сайн тооцоотойгоор хэрэгжүүлбэл найдвартай ажиллана. Хэрэв та энэ алтан дүрмээр ажилладаг системийг бүтээж чадвал таны бизнес үргэлж бүтэж явах болно. Чухам, бусдын хэргийг бүтээж туслах нь аливаа энтрепренер бизнесийн мөн чанар юм.

Монголд бизнес эрхлэхэд хэцүү, хүнд гэдэг. Гэхдээ хаана ч шинэ зүйл эхлэхэд амар, хялбар байдаггүй. Мөн бүх зүйлс өөрчлөгддөг, хөгждөг. Хэрэв та бүх зүйлс сайхан болсны дараа ажиллаж эхэлнэ гэвэл тэр цагт аль хэдийн хоцорсон байх болно. Ер нь олныг дагасан хүн хэзээ ч түрүүлдэггүй гэдэг үг бий.

Энтрепренер болоход гадаад нөхцөл бус харин хүний дотоод “гал” буюу хүсэл эрмэлзлэл, зүтгэл хамаагүй илүү нөлөөтэй. Тэгээд ч, хүн өөрийн галыг байнга тэтгэж, улам хөгжүүлж явж болдог.

--

--

Enkhbat D
Enkhbat D

Written by Enkhbat D

System Engineer PhD, Mongolian Internet Pioneer, Entrepreneur, Speaker, Coach #Connectivity, #DigitalTransformation, #Spirituality, #Photography, #Travel